Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Жайка олон улсын байгууллагын ерөнхийлөгч Танака Акихикотой уулзлаа. БШУЯ болон ЖАЙКА олон улсын байгууллага өнөөдрийг хүртэлх хугацаанд:
- Инженер технологийн дээд боловсрол төсөл,
- Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах,
- “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих JDS тэтгэлэгт хөтөлбөр,
- ЕБС-ийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл,
- “САТРЕПС” буюу “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг сайжруулах нь” төсөл гэсэн 5 төслийг хамтран хэрэгжүүлжээ.
Энэ хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн, стратегийн түвшний олон төсөл хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа Боловсрол, шинжлэх ухааны сайд онцоллоо.
Цаашид:
- “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Япон улсын их дээд сургуульд оюутан суралцуулах,
- Япон Улсын дэмжлэгтэйгээр бага, дунд боловсролын чанарыг сайжруулах, сургуулийн барилга байгууламж барих,
- Монгол-Японы эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх орны тоо 104 байгаа бол 350 ортой болгож өргөжүүлэх, эмнэлгийн менежментийг төгөлдөржүүлэх төслийн 2-р шатыг эхлүүлэх,
- Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 40 мянган инженер техникийн ажилтан шаардлагатай учир инженер техникийн дээд боловсрол төслийн 2 дугаар шатыг эхлүүлэх,
- Сургуульд суурилсан менежментийг сайжруулах зэрэг чиглэлээр хамран ажиллах хүсэлтээ илэрхийллээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Нийт сэтгэгдэл (0)