Төсвийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулсны дараа П.Сайнзориг, М.Ганхүлэг, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Тухайлбал УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тогтоол батлагдсанаар малчид, аж ахуйн нэгжүүдэд ямар боломж гарч буйг тодруулсан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, Тогтоол батлагдсанаар Засгийн газарт тодорхой эрх олгох зохицуулалт хэрэгжинэ. Баруун бүсийн таван боомтоор улаан буудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн нэмэлтийг импортлох боломжоор хангаж, гаалийн албан татвараас чөлөөлж, иргэдэд бодитой дэмжлэг үзүүлнэ.
Тогтоол батлагдсан тохиолдолд аль болох хурдан хугацаанд Засгийн газраас шийдвэр гарна. Тэжээлийн импортод ногдуулж байгаа таван хувийн, гурилын импортын 15 хувийн татварыг “0” хувь болгох саналаа салбарын яамнаас Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлнэ.
Хөдөө аж ахуйн салбарт үүссэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, алслагдсан бүсийн хүн амын гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний нэг болох улаан буудайн гурилын хангамж, нөөц тасалдахгүй байх, байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалсан малын тэжээлийн хомсдол үүсэж болзошгүй хүндрэлийг даван туулах зорилготой байгаа учир хугацааг 04 дүгээр сарын 15-ныг хүртэл гэж тооцож байна гэсэн хариулт өглөө. Гишүүд асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хуруулт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр тогтоолыг эцэслэн баталлаа.
0
0
0
0
0
0
Нийт сэтгэгдэл (0)